CОHИPХОЛТОЙ CАHАГДАAД HИЙТЭЛЛЭЭ, www.gogo.mn-ээc нийтлэв.

Түүхийн дурсгал баар цэнгээний газар болжээ

Түүхийн дурсгал цэнгээний газар болжээ

 

Монголчууд онгон байгаль, цэнгэг агаар, хөх тэнгэр гээд бахархах зүйл арвинтай. Чингис, Сүхбаатар, Чойбалсан гээд хүндлэн дээдэлж, бишрэх хүн ч олонтой билээ. Түүхэн үйл явдал, алдар гавьяатай хүмүүсийн амьдарч байсан байшин, харш түүх болон мөнхөрдөг жамтай. Түүнийг хойч үе нь санан дурсаж, гадаадын жуулчид нүд унаган бишрэн гайхдаг учиртай.

Үнэхээр ч түүхэн хүмүүсийн ажиллаж, амьдарч байсан байр байшин, хэрэглэж байсан эд зүйлсийг гайхан бишрэхээс өөр аргагүй уран нарийн хийц, загвар хэв маягтай, дахин давтагдашгүй байдаг. Дэлхийн бусад орон түүхэн хүмүүсийн амьдарч байсан байшин, түүхэн үйл явдал тохиосон томоохон газруудыг музей болгон хадгалдаг. Үүнийг дагаад улс орны нэр хүнд ч яригддаг. Буурлын буян хишгээ хайрладаг гэх эртний үг байдгийн адил улсын сан хөмрөгийг ч аривжуулдаг шидтэн гэж хэлж болно.

Гэтэл манай улсад энэ нь эсрэгээрээ. Бахархах зүйл ихтэй гэдэг ч манайханд өнөөдөр дурсах, гадныханд сонирхуулах юм бий гэж үү. “Энэ чинь тийм түүхэн газар байхгүй юу” гээд хүнд гайхуулах, ядаж л хойч үе нь очоод харчих түүхэн хүмүүсийн амьдарч байсан байшин, дурсгалт газар байна уу. “Байна аа” гээд хэлчих зүйл даанч ховор.

Манай улсад анх “Элдэв-Очир”, “Ард” гэсэн хоёр кино театр байсан. Түүний дараа “Өргөө”, “Од” гэсэн кино театр нээгдэж байсан билээ. Тухайн үедээ залуусын чөлөөт цагаа өнгөрөөдөг газар нь кино театр. Гэтэл өдгөө эдгээр газраас үлдсэн нь үгүй.

Монголын анхны кино театр гэгддэг “Ард” л гэхэд “Есүс Христийн цуглааны газар” болжээ. Харин “Өргөө” кино театр “Las Vigas” хэмээх тоглоомын газар, “Элдэв-очир” кино театр “Хөрөнгийн бирж” болсон байх юм. Ингээд ганц байсан “Ялалт” кино театр нь мөн л зарагдаж “Тэнгис” нэртэй болов.

Гудамжаар алхах залуусаас “Элдэв-Очир”, “Ард” гэж кино театр байдгийг мэдэх үү” гэж асуухад “Тийм кино театр байдаг гэж сонсоогүй” гэж хариулах хүн олонтаа. Харин нэлээд настай нэгэн буурал “Одоо бараг тийм газар байсан нь мартагджээ. “Ялалт” кино театр нь “Тэнгис” нэртэй болсон ч үйл ажиллагаа нь хэвээрээ байгаа нь яамай даа” гэв.

Эдгээр кино театр бол сүүлд бий болсон. Гэтэл ардын хувьсал ялсан тэр цагийн түүхэн агшин, гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн амьдарч байсан байшин, анхны бага сургууль нь өнөөдөр музей болж уу, эсвэл хэдэн бор төгрөгөөр хэн нэгэнд худалдчихаж уу гэдгийг сонирхсон юм. Ардын хувьсгалтай нас чацуу Нийслэл хүрээний анхны үлгэр жишээ бага сургууль Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Тодруулбал, Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103-ын урд талд олон жилийн настай нэг давхар улаан модон хоёр байшин бий. Гэхдээ музей хэлбэрээр бус Японы хөрөнгө оруулалттай “Соёл-Эрдэнэ” дээд сургууль болжээ. Тус байшинг үлгэр жишээ бага сургууль гэдгийг нь ч мэдэх хүн ховорджээ.

Хууль цаазын дунд сургууль хэмээн 1950-1960-аад оны үед нэрлэгдэж байсан нэг давхар модон байшин Улсын драмын эрдмийн театрын хашаанд байрладаг. Хүмүүс хууль цаазын сургууль гэдгээр нь бус “Оюуны өргөө” дээд сургууль гэдгээр нь мэднэ. Нийслэлийн төвд байрлалтай тус байшинд үнэ хаялцдаг хүн цөөнгүй гэгддэг. Уг нь тухайн цаг үеийнх нь хууль цаазын байгууллагын нэр хүнд бүхий хүмүүсийн хэрэглэж байсан эд зүйлс, холбогдох материалыг нь дэлгэн тавьж музей болгосон бол үзэх харах зүйл ихтэй л байхсан.

Монгол бөхийн өргөөний хойд талд байрлах өвөрмөц зохиомж хийцтэй эртний байшинд одоо “Жин Чао” нэртэй хятад хоолны газар байрлаж байна. Энэ байшин 1919 оны сүүлч буюу автономитын үед ардын хувьсгалын нууц бүлгэмийнхэн уулзаж бүлгэм байгуулах ажлаа хэлэлцэж байсан газар. Мөн тухайн үед гадаадын пүүс, худалдааны төлөөлөгчид байрлаж байсан аж. Гэтэл музей бус харин хятад хүн эзэгнэн сууна. Үүнийг эрх бүхий албан тушаалтнууд хардаг л баймаар.

Дүрслэх урлагийн музейн яг ар талд хоёр давхар жижигхэн байшин байдаг. Харин тухайн байшин ямар их түүх агуулж буйг ядаж мэдэх хүн бий болов уу. Автономитын үеийн гүн Сүнгээгийн амьдарч байсан байшин. Тэрээр нийслэл хүрээний цагдан сэргийлэх ажил хариуцсан түшмэл байжээ. Тухайн үед уг байшинг Орос худалдаачин барьж өгч байсан гэдэг. Ардын хувьсгал ялсны дараа гүн Сүнгээ Д.Сүхбаатарт бэлэглэж, нийслэл хотын Цагдан сэргийлэх газар энд байрлаж байлаа. Хожим нь Нийслэлийн цагдан сэргийлэх газрын дарга хурандаа С.Рэнцэнхорлоо, гурван төрд цагдаа явсан Данзан нарын олон хүн уг байшинг Цагдан сэргийлэхийн музей болгож өгөхийг төр, засгаас хүссэн боловч авч хэлэлцээгүй байна.

Харин сургуулийн урд сүм хэлбэрийн уран гоё хийцтэй модон байшинд ресторан, задгай баар ажиллана. Зуны цагт задгай бааранд нь гадныхан ихэвчлэн харагдана. Тэд сүм хэлбэрийн тэр байшинд Чин ван Ханддорж амьдарч байсныг даанч мэдэхгүй. Бараг мэдээд ч хэрэггүй биз. Түүхэн газар нь гадаадынхны тухлах дуртай ресторан баар болсныг тэд хараад шоолох байлгүй. Цөөн хэдэн газрыг харахад иймэрхүү дүр төрх харагдана. Түүхэн хүмүүсийн мөнхөд дурсагдах газарт гадныхан эзэгнэн суусан нь харамсмаар. Түүхийн дурсгалт газруудад өнөөдөр юу байрлаж буй болон хэний эзэмшилд буй талаар та бүхэндээ цуврал болгон нийтлэн хүргэх болно.

Л.Нинжсэмжид

This entry was posted in Мэдлэгт тань. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s